Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 3-4-нд төв болон зүүн аймнуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн 2 дугаар шугамын 2 дугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн Жанчивын гудамжинд “Сүмбэр-Өөдөө” ХХК-ийн ажилчдын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 22:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  4 км замыг туулан 22:58 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.  

Хувийн өмчид гарсанНийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд 12х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 22:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 22:48 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 01:33 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт Ц /21 настай, эрэгтэй/, М /21 настай, эрэгтэй/, Б /21 настай, эрэгтэй/ нүүр болон гар хэсэг нь түлэгдсэнийг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн НТТТ-ын эмчид хүлээлгэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэрДорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Барьхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, Цагаан-Овоо сумын 13 иргэн, Баянтүмэн сумын 5 иргэн, нийт 30 хүн, 4 автомашинтайгаар 1 цаг 18 минут ажиллаж, 18:18 цагт түймрийг цурманд оруулж, 18:28 цагт бүрэн унтраасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Н-ийн гэрээс хичээлдээ 10.23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болсон тул мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 27 хүн, 8 техник хэрэгсэлтэй 10.29-ний өдрийн 11:10 цагаас 19:30 цаг хүртэл “Соёмбот-Уул”-аас “Их булангийн-Арал” гэдэг газар хүртэл 4 км-т усаар, “Ховд” голын 2-3 метрийн гүнд 4 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг 10.30-ны өдрийн 11:00 цагаас дахин эхлүүлж 13:40 цагт Ховд голоос сураггүй болсон иргэний цогцсыг олж аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд 2 дугаар давхрын цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 18:23 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 18:29 цагт очиж 19 минут ажиллан Т /5 настай, эрэгтэй/-г аварч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс урагш 7 км/ Хараа голд цогцос байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 7 км замыг туулан 13:59 цагт очиж 10 минут ажиллан цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн. Осолдогч нь 40 гаруй настай, эрэгтэй, овог, нэр, харъяалал нь тодорхой бус.

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Веста хотхонд 4 дүгээр давхрын тагтнаас иргэн Г /62 настай, эрэгтэй/ үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 16:22 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 16:27 цагт хүрэлцэн очиж тагт руу нь түлхэн оруулж аюулгүй болгон дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top